Дулдуйтын Данзанравжаа

Дулдуйтын Данзанравжаа

1803 онд Говийн догшин ноён хутагт гэж алдаршсан Данзанравжаа мэндэлжээ. Түүний үзүүлсэн шид, хувилгаан чанарын тухай үлгэр домог мэт хууч яриа ард түмний дунд элбэг. Гэвч ноён хутагт Данзанравжаа өөрийн зохиосон найраг, шүлэг, сургааль, амьдралын үнэн, жам ёсыг шингээсэн гүн ухаант туурвилуудаараа Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд мөнхөрсөн билээ. Түүний байгуулсан Саран хөхөө театр, ардыг соён гэгээрүүлэх номын сан, сургууль, сүм хийд, музей зэрэг нь өдгөө ч хадгалагдан ирсэн. Тэрээр зарим шүлгэндээ ая оруулан дуу болгож мөнхөлсөн нь ч бий. Үлэмжийн чанар, Ичиг ичиг, Хиргүй тунгалаг, Тэргэл сарны гэрэл зэрэг олон гарамгай билэгт бүтээлүүд нь хүний оюун билэг саруул, ёс суртахуун төгөлдөр, сэтгэл ариун байхын мөн чанарыг сургасан байдаг билээ. Үүнээс гадна түүний энэхүү бүтээлүүдийг дуулан оршоовоос Дарь эхэд аврал одуулах мэт буян, сэтгэлийн их сайн сайхан, амар амгаланг хураадаг хэмээн билэгддэг.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үлэмжийн чанар

Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө тунамал толь шиг

Үзэсгэлэнт царайг чинь

Үзвэл лагшин төгс маань

Үнэхээр сэтгэлийг булаанам зээ

Хөшүүн сэтгэлийг уяруулагч

Хөхөө шувууны эгшиг шиг

Хөөрхөн эелдэг үг чинь

Хүүрнэн суухад урамтай

Хөөрхөн аальт мину зээ

Учирмагц сэнгэнэсэн

Уран гол шиг бие чинь

Угаас хамт бүтсэн

Улаан зандан үнэр шиг

Улмаар сэтгэлийг хөдөлгөнө зээ

Бадамын дундаас дэвэрсэн

Балын амт адил

Баясгалант ааль чинь

Бахдаж ханашгүй

Баярыг улам арвитгана зээ

Хүний энэ насанд

Хүссэн хэргээ бүтээгээд

Хүсэлт тэнгэрийн эдлэл мэт

Хөлгүй жаргалангийн далайд

Хөвж хамт жаргая.

Янагийн дуулал
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.