Дулдуйтын Данзанравжаа

Дулдуйтын Данзанравжаа

1803 онд Говийн догшин ноён хутагт гэж алдаршсан Данзанравжаа мэндэлжээ. Түүний үзүүлсэн шид, хувилгаан чанарын тухай үлгэр домог мэт хууч яриа ард түмний дунд элбэг. Гэвч ноён хутагт Данзанравжаа өөрийн зохиосон найраг, шүлэг, сургааль, амьдралын үнэн, жам ёсыг шингээсэн гүн ухаант туурвилуудаараа Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд мөнхөрсөн билээ. Түүний байгуулсан Саран хөхөө театр, ардыг соён гэгээрүүлэх номын сан, сургууль, сүм хийд, музей зэрэг нь өдгөө ч хадгалагдан ирсэн. Тэрээр зарим шүлгэндээ ая оруулан дуу болгож мөнхөлсөн нь ч бий. Үлэмжийн чанар, Ичиг ичиг, Хиргүй тунгалаг, Тэргэл сарны гэрэл зэрэг олон гарамгай билэгт бүтээлүүд нь хүний оюун билэг саруул, ёс суртахуун төгөлдөр, сэтгэл ариун байхын мөн чанарыг сургасан байдаг билээ. Үүнээс гадна түүний энэхүү бүтээлүүдийг дуулан оршоовоос Дарь эхэд аврал одуулах мэт буян, сэтгэлийн их сайн сайхан, амар амгаланг хураадаг хэмээн билэгддэг.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиргүй тунгалаг

Хиргүй тунгалаг, уужим саруул хөх огторгуй

Хэзээ насанд эргэн байгч наран саран хоёр

Хэмжээт цагийн тохиол бүхэнд дахин дахин учирна

Хэлбэрэлтгүй энэ бэлгийг үлгэр авч саная

Хөх тэнгэр чи минь энд бие амар суугаарай

Хөөрхий нар сар бид тивийг эргэн одоё

Хөндлөн бүрхэгч саармаг муу үүлээр битгий бүрхэгд

Хөнөөгч гаригт баригдалгүй явж ирж учирья

Төрөл тутамдаа хоёулаа үл хагацахыг

Төгс цогт багш минь адисла

Илт өндөр бэрх уулын хадан хонгио ба

Идэр наст хүчин төгс хүрэн тас бид хоёр

Эргэх цагийн тохиол бүхэнд дахин дахин учирна

Эвдрэлтгүй энэ бэлгийг үлгэр авч саная

Хадны агуй чи минь энд бие амар суугаарай

Харцага тас шувуун бид отгоргуйд халин ниснэ

Хатуу хүчит аянгын суманд эвдрэлгүй байгаарай

Хавх урхинд баригдалгүй явж ирж учирья

Төрөл тутамдаа хоёулаа үл хагацахыг

Төгс цогт багш минь адисла

Урт үргэлжид дөлгөөнөөр урсагч мөрөн ба

Уран сайхан алтан нүдэт дуртмал загас хоёр

Улирах цагийн тохиол бүрт дахин дахин учирна

Урвалтгүй энэ бэлгийг үлгэр авч саная

Ганга мөрөн чи минь энд бие амар суугаарай

Гавшгай загас бид усны салбараар бядан одно

Газрын аяар явж, гүний голд битгий татагдаарай

Гасалгагч сэрээнд өртөлгүй явж ирж учирья

Төрөл тутамдаа хоёулаа үл хагацахыг

Төгс цогт багш минь адисла

Уужим хэрмэнд нь ургуулсан өнгө тунсаг лянхуа ба

Уяхан эгшиг дуулан нисэгч залуу зөгий хоёр

Урин цагийн тохиол бүхэнд дахин дахин учирна

Ултай энэ бэлгийг үлгэр авч саная

Шимт цэцэг минь энд бие амар суугаарай

Шидэг зөгий би чинь ой цэцгийг хэсэн одно

Ширүүн мөндөр, хяруу салхинд дайрагдалгүй байгаарай

Сэрэмж алдаж, түймэрт өртөлгүй явж ирж учирья

Төрөл тутамд хоёулаа үл хагацахыг

Төгс цогт багш минь адисла

Саран мэт мэлтэрсэн бодисад чи минь

Саран эрэгч, үнэн сэтгэл баригч бид хоёр

Салалтгүй эртний ерөөлөөр дахин дахин учирна

Санаанд зохист энэ бэлгийг үлгэр авч саная

Амраг нөхөр минь чи минь энд бие амар суугаарай

Адаг муу ах чинь орон хэсэн одно

Ад тотгор өвчингүй өлмий юугаан бататгаарай

Амар мэнд номыг бүтээн явж ирж учирья

Төрөл тутамд хоёулаа үл хагацахыг

Төгс цогт багш минь адисла

Үлэмжийн чанар
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.