Дулдуйтын Данзанравжаа

Дулдуйтын Данзанравжаа

1803 онд Говийн догшин ноён хутагт гэж алдаршсан Данзанравжаа мэндэлжээ. Түүний үзүүлсэн шид, хувилгаан чанарын тухай үлгэр домог мэт хууч яриа ард түмний дунд элбэг. Гэвч ноён хутагт Данзанравжаа өөрийн зохиосон найраг, шүлэг, сургааль, амьдралын үнэн, жам ёсыг шингээсэн гүн ухаант туурвилуудаараа Монголын утга зохиол, урлагийн ертөнцөд мөнхөрсөн билээ. Түүний байгуулсан Саран хөхөө театр, ардыг соён гэгээрүүлэх номын сан, сургууль, сүм хийд, музей зэрэг нь өдгөө ч хадгалагдан ирсэн. Тэрээр зарим шүлгэндээ ая оруулан дуу болгож мөнхөлсөн нь ч бий. Үлэмжийн чанар, Ичиг ичиг, Хиргүй тунгалаг, Тэргэл сарны гэрэл зэрэг олон гарамгай билэгт бүтээлүүд нь хүний оюун билэг саруул, ёс суртахуун төгөлдөр, сэтгэл ариун байхын мөн чанарыг сургасан байдаг билээ. Үүнээс гадна түүний энэхүү бүтээлүүдийг дуулан оршоовоос Дарь эхэд аврал одуулах мэт буян, сэтгэлийн их сайн сайхан, амар амгаланг хураадаг хэмээн билэгддэг.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баруун зүгийн тэнгэр тулам Зэс уул

Баруун зүгийн тэнгэр тулам зэс уулын үзүүрт

Бадарсан цагаан үүлэнд луугийн дуу ниргэлэхэд

Балмад сэтгэлийн тогос шувуу сэрж босон шүхэрлээд

Байж суухын орон газар олдохгүй дэгдэнэ

Ачит чам юугаан санаж дурдан энэлэх сэтгэл минь

Агсалсан төмөр цоожны доторх өргөс адил

Ариун сүжиг тангарагийн түлхүүр лүгээ үнэн нөгцвөл

Амгалант өөрийн сэтгэлийн царайг илхэн үзмүү

Элдэв баашит үгийг оромдсон цаасан дээрх бичгийг

Эгэл усны давалгаанд хаявал даруй түргэн шалбармуу

Эгнэгт бичсэнгүй энэ сэтгэлийн бичиг нь

Эгүүрд төрөл тутам мартагдашгүй санагдана

Замбативын нар сар ээлжээр ирэх тусмаа

Заяа хувь, нүд саруул амьтан бүхэн баясмуу

Зан сайт, аврал эрдэм төгс чамайгаа санавал

Залхуурч холдон төөрөх сэтгэл төрөх чөлөө үгүй л

Шил бумбаны дотор мандсан тунгалаг тод зуланд, гаднаас

Салхи, эрвээхэй, батганын аюул үл болмуу

Бадарсан гэрлийн туяагаар бусдын харанхуйг арилгагч

Бахтай бодь сэтгэлийн зохиол үүнд чинь бахадна

Өөрийн сэтгэлийг авах гээхийг үзүүлсэн зарлигийн толинд

Энэ хойдын идэр, хөгшин элдэв царай үзэгдэвч

Эртний дадсан муу үйлийн төмөр алхаар балбавал

Ийшээн тийшээн бархирах чөлөө олдохгүй эвдэрмүү

Махыг идэгч чоно ч бол эхийнхээ сүүгээр өсмүү

Муу үйлийг эдлэгч би ч бол ламын ачаар бойжив

Хүний ачаар хөмүүл түүгээд, түүсэн хөмүүлээ мөөгий гэв

Хүний эрдмийг сураад өөрийн эрдэм хэмээн бардмуу

Гадаад далайд орсон борооны ширхэг хатах нь хэдийд вэ ?

Гайхамшигт ламынхаа цэдгийг дурссан буян хэдий вэ ?

Галавт эрэвч олохуйяа бэрх энэ хүний биеийг

Гавьяагүй орхиод сүүлээр гаславч хожигдмуу

Энх тунх сэргэлэн хүчтэй идэр насаа нөгчсөн хойно

Энэ ертөнцийн оронд алиадан суух нутгаа барах цаг

Өнгөрсөн идэр биеэ сэргээж авах бэрхтэй л

Эгээршгүй зуурсан чагтага тасалбал амгалан

Хойш буцаж ирэхгүйн мөрт оршсон

Хотол төгс чуулсан бурханы дээд хутгийг хүсэж

Хоёр түм бүтээхийн бэлэг хорин тавны өдөр

Холимог албин зант банди Додмой Рандол дуулав

Хиргүй тунгалаг
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.