Аяа бас, буян хураалгүй насажсан хөгшид ичиг
Аяа бас, сэтгэлээ засалгүй гангалагч залуучууд ичиг
Аяа бас, номыг сэтгэлтэйгээ нийлүүлээгүй мэргэд ичиг
Аяа бас, албатаа алаглагч ноёд ичиг
Аяа бас, аавыгаа өргөхгүй, эрийг өргөгч охид ичиг
Аяа бас, төрийг цуугиулагч түшмэд ичиг
Аяа бас, номыг үл суран элдвийг сурагч банди нар ичиг
Аяа бас, бясалгалыг үл эрхэмлэн, пад хэмээн бархирагч Егүзэр нар ичиг
Аяа бас, өдөр хийдэд суугаад, шөнө айл хэсэгч хуврагууд ичиг
Аяа бас, ил сүжиглээд далдуур идэгч шавь нар ичиг
Аяа бас, тустай сэтгэлийг бодолгүй өртөг бодогч эмч нар ичиг
Аяа бас, өөрийн гэмийг үзэхгүй бусдын гэмийг шүүгч хэрсүүчид ичиг
Аяа бас, нүд царай харавч сэтгэл нь бөгсөнд эргэгч хүүхнүүд ичиг
Аяа бас, өдөр бусдыг сургаад шөнө өөрөө цалгайрагч номч нар ичиг
Аяа бас, өөрөө айл хэсэж ирээд эхнэрээ шаргаагч эрчүүд ичиг
Аяа бас, эв журмыг умартан бусадтай ханилагч эхнэрүүд ичиг
Аяа бас, энэ гэмүүд надад буй бол олны дундаас би ганцаар ичиг
Аяа бас, их бага бусдад байгаа бол хэн ч болов тэр ичиг ичиг
Аргаа бүү барагтун. Ай хөөрхийнүүд минь ээ.