Оройтсон үнээний сүүлч ирээд тосгон даяарын ноход унтахад хэссэн бодол сая цуглаж, шинэ гэрийн нь унь өлгөнө. Хорвоогийн цэнгэлээс дайжин суухуй ухааны мөчир хугачин байж, бодлын жимс зулгаана. Шар тохойн цүнхээлд ус цалгихыг сонсонгуут сэтгэлийн загас түгшин бужигнаж, олон сүүлээрээ хэнхдэг балбана.
Насны залууг найрлаж өнгөрөөсөн минь олон ямаатай айлын хаяа бараадаж явсан мэт дээвэр туурганд халтай байжээ. Цагаан сарын боов хийх гэж байгаа юм шиг өчүүхэн тархийг хэчнээн талхивч ховоо дундуур ирэхийг үзээд худгийн ундарга холдож байгааг мэднэ. Тэгэвч шар тохойн төгөлд болсон жимс өөрөө унаж хагарахыг үл үзнэ. Болсныг нь өдөр ажаагүй юм чинь, унахыг нь шөнө яаж ч мэдэхэв дээ...