Жагдалын Лхагва

Жагдалын Лхагва

Толгодын цаана ингэ буйлна... Намрын уй сэтгэлд төрөх ч шиг. Монгол ахуйг нүүдлийн соёлыг монгол хүний төрмөл цөлх ухааныг Ж.Лхагва зохиолчийн бүтээлээс 5 мэдрэхүй таашаан хүртдэг билээ. 6 дахь мэдрэхүйд ургаж үлдээд арилдаггүй энгийн хэр нь эгэл биш байдаг түүний бүтээлээс уншигч танд...
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнө ногоо ургадаг

Ноднин намар өч төчнөөн ажил болж авсан сэгсгэр хар малгай минь гэнэт хүнддэх болж, том нохойд үнгүүлсэн гөлөг царай алдах нь хавар болсны шинж ажээ.

Газар дэлхий хүртэл амь орж сургуулийн хашаан дотор нойтон газраас уур дэгдэн тэрүүхэн баруун дэнж дээгүүр зэрэглээ наадах нь олон цагаан зээр уралдан гүйх шиг үзэгдэнэ. Агаарт цэнхэр униар татаад зэрэглээ наадахыг харах бүрий сэтгэлд нэгэн баяр төрж, алдрайхан зүрх тэр л хэмээр булгилан цохилох бөлгөө.

Охидын инээд цасанд дарагдаж байгаад сая гарч ирээ юу гэлтэй чанга сонстож, өөрсдөө ч гэсэн дээл гутлаа нимгэлэн хэд хэдээр орж гарах нь шар үсээ хаясан сарваа адил цовоо цолгин үзэгдэнэ.

Хүүхдүүд завсарлагаанаар гадаа тоглож, ойртон буй нарыг ирээдүй мэт хүлээнэ. Энэ нарыг орой дээр ирэхэд бид сургуулиа төгсөнө. Сургууль гэдэг маань хотын нэгэн ТМС шүү дээ. Хаврын наран дор баясан явахдаа надад бас өөр нэг хүлээх юм байлаа. Тэр нь юу вэ гэвэл Баянаагаас ирэх хариу байсан юм. Тэр захиаг би дэлхий нараа хүлээхээс ч илүү тэсч ядан хүлээж байсан байх. Зав л гарвал би Баянаагаас ирэх захидлын үгийг төсөөлөн бодно. Тэр нь янз янзаар төсөөлөгдөх боловч гагцхүү өөдрөг, цаашдынхаа амьдралыг холбоё гэсэн миний л хүслийн дагуу бүтэх юм гэж боддог сон.

Тэр ч байтугай цаашдынхаа амьдралбг төсөөлөх гэж оролдоно. Бид хоёр сургуулиа төгсөөд хаанахын ч юм бэ нэг л цахилгаан станцд хуваарилагдаж очно. Тэгээд би засварчин болж, Баянаа минь ээлжинд явна. Баянаагаа шөнийн ээлжинд хүргэж өгч, оройн ээлжнээс тосч авна.

Турбины их засварын үед манай бригад ч бас илүү цагаар ажиллана. Тэгэхэд Баянаа маань халуун савтай цай, бүлээхэн хуушуур авчирч өгнө. Бүр холын юм ч бас бодогдоно. Баянаагаа би их сургуульд өдрөөр оруулж, өөрөө оройгоор суралцана. Би турбины тохируулгын инженер болж, Баянаа минь химийн мэргэжил эзэмшинэ. Тэгээд миний ажилладаг цахилгаан станцд хими цехийн дарга болно. Баянаа минь мандана, депутат ч болж магадгүй гэж боддог байлаа.

Ийм бодолд дарагдан суухад сэтгэлд жаргалын гал бадран асч, өчүүхэн зүрх минь чихрээр шагнуулсан хүүхэд шиг хөхин баясдаг байжээ. Бодолд автан байхдаа орчныг бүр мартах тул багшийн нэр дуудах, нөхдийн ярихыг ч заримдаа мэдэлгүй шоолуулдаг сан. Баянаа минь намайг харангуут духасхийн харц буруулж, өртэй хүн шиг л байх. Би ч яахав авлагатай хүн болохоороо нүүр бардам явна. Эв л таарвал дэргэд нь очоод суучихна. Завтай цагаа байрны нь хавьцаа өнгөрөөж, тоглосон ч цонхны нь дэргэд тоглоно.

Хувцасны өлгүүрт Баянаагийн жижүүр хийсэн өдөр би завсарлагаа бүхнээр доошоо гүйгээд толины өмнө үсээ самнахчаа болж, ямар ч ажилгүй мөртлөө тэр л хавьцаа эргэлдэж байдаг сан. Нэг удаа түүнийг жижүүрлэж байхад ангийн хүүхдүүдээс хоцорч үлдээд хамгийн сүүлд очиж гадуур хувцсаа авбал Баянаа хувцсыг минь өгөнгөө :

- Хэнд өгөх гэж чихэр хармаалаав ? гээд инээмсэглэв.

Би:

- Юун чихэр ? гэж халаасаа уудалж үзвэл дөрвөлжин эвхсэн цаас тааралдлаа, гаргаж ирээд үзвэл "Хадаа-д" ... гэсэн Баянаагийн бичиг нүдний өмнө дурайж зүрхэнд баярын совин харвав. Эргэн тойрон юу ч үзэгдэхээ больж, гагцхүү "Хадаа-д" гэсэн зургаахан үсэг л харанхуй шөнийн тэнгэрт цацрах баярын буудлага шиг гэрэлтэн байлаа.

Би тэндээс гараад яаж явснаа ч мэдсэнгүй. Нэг л мэдэхэд байрандаа ирчихсэн байв. Захиагаа уншчихаар олигтойхон цоож цуургатай өрөө олдохгүйд нь гараад автобусанд сууж, хотын зах гарлаа. Автобусанд би халаасандаа гараа хийж, захиагаа ямагт атгасаар явлаа. Зуны амралтаар хөдөө яваад ... Хоёр зуугаад төгрөгтэй ирэхдээ ч тэгж хямгадаагүй билээ. Захын буудал дээр бууж, урт модон сандал дээр нь тухлан суугаад захиаг задалбал :

"Сайн байна уу Хадаа? Захианы чинь хариуг өгөлгүй удаасныг уучлаарай. Энэ асуудлыг шийдэх цаг болоогүй мэт санагдана. Шийдэж байж хариу өгнө гэвэл чамд бас хэцүү биз... Баяртай!!!" гэжээ. Ийм хариу авна гэж бодоогүй билээ. "Сайн байна уу... Баяртай! Бас гурван "!" байдаг нь ч юу билээ дээ..." гэсэн шүү юм эхлээд бодогдов. Тэгснээ хэд дахин уншлаа. Бас ч найдвар тасраагүй мэт...

Маргааш нь хичээлдээ ирээд Баянааг сэмхэн ажиглавал юу ч болоогүй мэт инээж хөхөрч, хааяа нэг харц мөргөлдөхөд хоёр нүд нь "Мэдэв үү?" гэж байгаа юм шиг доогтойхон гялсхийнэ. Түүнээс хойш нэлээд хэдэн захиа солилцож, амьдралын ойр зуурын юмыг өөрсдийн богино ухааны хэрээр бичилцэх боловч уулзаж, ярьсан нь үгүй л байлаа. Би урьдын адил цонх хаалганы нь дэргэд тоглохоо больж, байранд нь ордог, тэр ч байтугай орон дээр нь хүртэл хааяа суудаг болов. Охид нэг цуглаад суухлаараа юу эс ярьдаг билээ. Ил далд бишгүй л чагналаа.

"Дархан, Эрдэнэт явна л гэнэ. Цэргийн даргатай сууна л гэнэ. Эзэмшиж байгаа мэргэжлээ гурван жил болоод хаяна л гэнэ. Цахилгаан гагнуур сайхан л гэнэ. Токарьчин хүний хөлийн судас бүдүүрдэг л гэнэ. Таван хүүхэдтэй болно л гэнэ. Одон авах нь шарлага л гэнэ..." Ер нь юу эс ярьдаг билээ. Бид ч сонсож дөжирчээ. Тэгтэл би ямар үг сонсов !...

"- Би ямар ч байсан элэг бүтэн хүнтэй л сууна. Өнчин амьтан нэг л зэвүүн..."

Энэ үгийг Баянаа хэллээ гэж үү ! ... Түүний үргэлж инээмсэглэж явдаг хөөрхөн бор уруул энэ үгийг хэлэхдээ эвлэлээ гэж үү ?! ...

Энэ амнаас гарсан үг бүхэн сэтгэлд алсын гялбаа шиг найдвар төрүүлдэг байсан биш билүү? ... Гэтэл өнөөдөр ганцхан энэ үг л чиний зүгээс сэтгэл зүрхийг минь гийгүүлж, байсан хамаг гэрлийг унтраалаа гэж үү ?!

Хар багадаа өнчирч хоцорсон би гэдэг хүн энэ хорвоогоос сайн муу үг бишгүй дуулж, аав, ээжээ үгүйлж явсан нь олон ч ийнхүү гомдсон нь үгүй билээ... Би тэр чигээрээ биеийн тамирын талбай руу гүйчихлээ. Хөл энд тэнд гишгэж, овон товон газар унан тусан гүйлээ. Унавал ч унаг, үхвэл ч үхэг гэсэн юм бодож хар хурдаараа гүйв. Баянаад гаргасан гомдлоо өөртөө гаргаж, "Хохь чинь, өнчин хар толгой ! хорвоод эх, эцэгтэй байх заяагүй юм чинь яаж ханийн заяа байдаг юм бэ" гэж хэн нэгэн хүн зүхээд байх шиг санагдахад үсээ зулгаамаар байлаа. Зүрхэн дээр нэг л их хүнд хар юм дарчихжээ. Ээжийн минь шарил дээр байдаг тэр л том хар чулуу шиг юм бодогдоно. Нэг сандал дээр суугаад зөндөөн уйллаа. Бүр асгартал нь уйллаа.

***

Маргааш өглөө нь манай байрны хүүхдүүд хичээл давтахаар биеийн тамирын талбай руу явцгаав. Би орон дотроо баахан хэвтэж байгаад жаахан хоцорсхийж очлоо. Индрийн таван эгнээ сандал дээр энд тэнд тархан суусан хүүхдүүд хаврын тухай дууны нот бичлэг шиг санагдана. Би тэдэн дээр очсонгүй, холоо суучихав. Тэгтэл эхний сандал дээр суусан нэг хүүхэд :

- Ура, нөхдөө ! Ногоо ургачихаж ! хэмээн шинэ тив нээсэн дарвуулт хөлөгтөн шиг баярлан хашхирахад цаадуул нь гүйлдэн ирж тэрээхэн зүлгэн дээр овооров. Харвал миний өчигдөр үдшийн сууж байсан газар ажээ. "Миний нулимснаас ургаж дээ" гэж би бодов.

Ногоо шөнө ургадаг юм билээ. Нууж уйлдаг эр хүний нулимс шөнөөр ногоо ургуулдаг ч юм билүү ?! ...

Шар тохойн төгөлд болсон жимс унана
 
“Үзэсгэлэнт” цэцгийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Чоймбол: Хүн ч, цэцэг ч үзэсгэлэнтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.