1. Цагаан хэрэм
Сарнаас харагдах их цагаан хэрэмний хөлд би зогсож байна. Хүний гараар бүтсэн гэхэд үнэмшмээргүй энэ хосгүй байгууламжийг хараад өөрийн эрхгүй сүслэн залбирч өгүүлрүүн.
Ийм юм бүтээсэн ард түмнийг хүндлэхээс яах вэ ?
Хажууд суусан ухаант хөвгүүн өлгөн авч бас өгүүлрүүн :
Үүнийг бариулсан ард түмнийг чи яахав? Энэ чинь Монголчуудаас айж сүүлээ хавчихдаа л барьсан юм шүү дээ.
Би дуугарсангүй. Саран дээрээс харагддаг их цагаан хэрэм миний хөл дор байнам.
2. Шандуний шар тал
Хубилай хааны босгож өндийлгөсөн, их хаадын луучин гутлын уланд намхан байсан их нийслэл Дайду эдүгээ сүүлээ сэрвээн дээрээ тавьсан луу болжээ.
Шандуний шар талд одоогоос зургаан зууны тэртээхтэй эгээ л адил хялгана бөхөлзөж, Тогоонтөмөр хааны эмгэнэлт дуун гэгэлзэн цуурайтаж байнам. Тогоонтөмөр хятадын ард түмэнг зүхсэнгүй, хаад түшмэдтэй нь барьцаалсангүй, гагцхүү өөрийгөө зүхэн Монголын өмнөөс ичиж байгаагаа Шандуний шар талд сүнстэйгээ буйлуулан орхисон байна.
3. Тэнгэрлэг амирлангуйн хаалга
Тэнгэрлэг амирлангуйн \Тяньаньминий\ хаалга гучаад метр өндөр хориод метр зузаан нүсэр байгууламж мөртлөө газраас хөндий дэгдэж байх шиг үзэгдэнэ. Хожим улаан хятадын төв талбай болсон Тяньаньминий талбай ялсан армийн сүрт жагсаал, улаан хамгаалагчдын сүржин уриа, босогчдын өлсгөлөн суулт, амьд хүмүүсийг няц гишгэсэн танкны цуст мөр ер үзээгүй юм бараг үгүй атал өнөөдөр юу ч болоогүй юм шиг налайх нь мөнөөх л тэнгэрийн их хаалга амарлингуйн бардам луу хажууханд нь ивэн зогсож байгаагаас ч болдог байж мэднэ.
4. Улсын хил
Гудамжинд нэг аятайхан хятад бүсгүй хоргоогоод, хамт дарс ууя гэж байгаа бололтой, дохио зангаагаар яаж ийж ойлголцон нэг их ажил бүтээх бололтой улсын элчин сайдын яамны зочид буудалд ирвэл, буудлын жижүүр:
- Энэ бол монгол улсын дархан хил, гадны хүн оруулахгүй гээд нөгөө бүсгүйг хөөж явуулахад нь би нэг их харамссангүй, нутаг дээрээ байгаа хүн шиг томрон үлдэв.
Долоон зууны өмнөх хөх мөрөн давж Ханжоу хүрч байсан Монгол улсын хил эдүгээ Хятадад нэг л тоосгон хашаа байна даа. Гэхдээ туурга тусгаар улсын дархан хил хэзээ ч багаддаггүй юм.
5. Нойтон Бээжингийн дугуйтай бүсгүй
Зуны дунд сард Бээжин нов нойтон. Бороо ороод байхгүй ч гэсэн нуруу хөлрөөд нойтон. Сэвэлзэх салхин ид дутаж, нутгийн минь цэвэр тунгалаг агаар дэндүү л нэг үгүйлэгдэнэ. Хажуугаар нуруу цэх, хуруу шулуун хятад бүсгүй чилгэр шилбэтэй хөлөөр дугуй жийж өнгөрөхүй салхи сэвсхийгээд сэтгэлд бяцхан хуй босно. Тэр нь ямар биеийг сэрүүцүүлэх биш дээ. Өдөрт гурван удаа усанд орсон боловч нуруу нойтон хэвээр.
6. Урт хумс
Найрамдал хэмээх их дэлгүүрийн үүдэнд хоёр том гуулийн арслан байх юм. Нэг нь өрөөсөн хөлөөрөө дэлхийн бөмбөрцөгийг гишгэжээ. Өнгөцхөн харахад бөмбөгөөр тоглож байгаа юм шиг аж. Бөөрөнхий нь лав тоглоом биш дэг ээ !!!
7. Хүнээс айдаг машин
Улаанбаатарын гудамжинд дайраад алчих байх гэж машинаас бид их айдаг. Бээжинд машин л надаас айгаад байгаа юм шиг санагдана. Надаас ч айж байгаа юм биш билээ, хууль хатуу, хүн дайрчихвал насаараа хохирдог учраас хуулинаасаа л айж байгаа хэрэг. Тийм хуультай болох сон.
8. Хүний олноор
Гудамжинд урт хашаа будаж байхыг үзэв. Дөрвөн зуу орчим метр хашааг зуугаад хүн будаж байна. Нэг хүнд дөрөв орчим метр оногдох бөгөөд будгийг нэг мөр найруулаад тус тусад нь жижиг саванд хуваарилжээ. Ганц цагийн дотор будаж дуусгаад дугуйндаа мордон дараах ажлаа хийхээр жийн одов. Хүний олон гэдэг бахархмаар ч, аймаар ч юм байна. Хэрэв муу үйл хийе гэвэл яана, бас л ингэж хурдан амжуулах байх даа !
9. Нутгаа санахуй
Элчин яамныхан оройдоо баахан билльярд тоглох юм. Би билльярд дээр айраг ярьж баахан улсын хорхойг хүргэв. Тэгвэл элчингийн жолооч "халзан" Нацаг нэг сум тавьж, "шаром" түлхэхдээ, "Толгодын цаана хоёр цагаан гэр байна. Одоо цогиод оччихъя" гэж байна. Нутгаа л их санадаг юм байна даа.
10. Такси шар машин нь хө
Бээжинд такси элбэг юм. Чиглэлд олон суудалтай савангийн хайрцаг шиг шар микроавтобус үйлчлэх юм. Монголчууд түүнийг талхан такси гэлцэх бөгөөд км харахаасаа илүү буудлын тоог харгалзан хөлсөө бодож дунджаар арван юань авах юмаа.
Холхон зайд гурав дөрвөн хүний суудалтай цох маягийн намхан жартгай тэрэг хөдлөх юм. Тэд нэлээд яравгар, явах зай, авах хөлс голно. Тэд өнгө өнгө байсныг зөвхөн шар болгон цэгцэлж байна. Одооноос эхлэн шар өнгө л бол такси, нэг өдөр тэгш дугаартай, маргааш нь сондгой дугаартай тэрэг үйлчилгээнд гаргахаар журамлажээ. Энэ нь гудамжны ачааллыг илт хөнгөлөх зорилготой бөгөөд хятадын сахилга дэг журмын нэг жишээ гэлтэй.
11. Ээж минь айлчлав
Буудлын бүгчим агаарыг цахилгаан сэнс сэрүүцүүлж, шөнө дундаас хойш хөнжил нөмөрмөөр болоод ирнэ. Тийм цагт сүнс, зүүдний ертөнц амилан бужигнахуй. Арван жилийн өмнө бурхан болсон ээж минь намайг Бээжинд ирж олоод айлчилж байх юм. Би золгох санаатай хадаг, мянган төгрөгтэй бариад очтол ээж минь ачийн шаахай үдэж өгөхөөр тонгойчихоод намайг хардаггүй ээ. Би зогсоод л байлаа. Яасан ч удаан үддэг юм бэ дээ, би хүлээж чадалгүй сэрчихлээ. Хүний газар зүүд минь л минийх байв даа.