Жагдалын Лхагва

Жагдалын Лхагва

Толгодын цаана ингэ буйлна... Намрын уй сэтгэлд төрөх ч шиг. Монгол ахуйг нүүдлийн соёлыг монгол хүний төрмөл цөлх ухааныг Ж.Лхагва зохиолчийн бүтээлээс 5 мэдрэхүй таашаан хүртдэг билээ. 6 дахь мэдрэхүйд ургаж үлдээд арилдаггүй энгийн хэр нь эгэл биш байдаг түүний бүтээлээс уншигч танд...

НУЛИМС

Баярын урьд өдөр. Автобусанд зорчигчид олон. Хүмүүсийн барьж яваа саванд хааяахан “ханн” гэж дуугарах цэнгээний ундаа хэргээ хийж амжаагүй болохоор бусад өдрийнхөөс ялгарах юмгүй ажээ. Харин ч дэлгүүрт удаан зогссоноос юм уу, барьж яваа цүнх савны хүндэд тээртсэндээ ч юм уу ундууцаж уцаарласан хүмүүс мэр сэр байлаа.

Гэтэл замын буудлаас гуч эргэм насны намхан шар залуу автобусанд үсрэн орж ирээд “Ирж байгаа баярын мэнд дэвшүүлье!” хэмээн чанга хашхирсанд автобусны жолооч хүртэл бүхээгнээсээ шагайж харав. Халамцуухан тэр хүн олны анхаарлыг тийнхүү татаж чадсандаа их л хөхив бололтой ийш тийш сэрвэлзэн харж байснаа кондукторт нүд ирмэж, зүүн гарынхаа дунд хурууны өндгийг шавхийтэл үнсээд дээр өргөж “хайр сэтгэл”-ээ агаараар илгээлээ. Баруун тийш эргэж харснаа сандал дээр сууж байгаа арваад настай хүүхдийн чихэн дээрээс нь татаж босгоод урдаа зогсож явсан булган малгайтай хүүхнийг оронд нь түлхэн суулгав. Хүүхэн: Зүгээр. зүгээр! гээд өндөлзсөн боловч намхан шар мөрөн дээр нь дарж суулгаад өглөгийн эзний нүдээр өөдөөс нь тас ширтэн далбилзав. Энэ автобусыг байтугай бүх хорвоог зохицуулсан ч чадна гэж гайхуулан бардамнах шинж харцанд нь илэрхий.

Намхан шар шилээ шөргөөж, автобусан доторхыг олз хайсан залуу бүргэд шиг дээрээс нь хараад барилга Дээрээс бууж яваа бололтой хоёр хятад руу чиглэв. Мань эр дэргэд нь очоод:

- Ээ луухаанууд, босноо хэрэгтэй! гэж хамаандлав. Наат талд нь сууж явсан залуувтар хятад год үсрэн босоо хажууд нь зогслоо. Цаана нь суусан хөгшин хятад шар шувуу шиг нугжийж итгэлгүйхэн харснаа суудалдаа улам шигдэв. Намхан шар, залуухан Хятадын тийнхүү хурдан боссонд омогшихын сацуу хөгшин хятадын гөжүүрхсэнд шаралхаж:

- Бос! гэж байна шүү чамайг, чих байна уу!? хэмээн Омогдов. Хөгшин хятад урд суудлынхаа төмөр бариулаас зуурч:

- Би босохгүй!

- Чи яагаад босдоггүй юм бэ?!...

- Хай, би хөгшин хүн ба, хөл муу шүү... Намхан шар автобусанд байгаа хүмүүс рүү эргэн харж:

- Энэ муу илжиг бас галзуурах нь ээ гэснээ хятад руу эргэж:

- Энэ чинь илжигний суудал биш, хүний суудал, мэдэв үү?

- Би мэднээ!

- За, мэдсэн бол одоохон зайл!

- Би хүн, би ажилчин хүн байна.

- Үгүй ер. Бас хүн юм гэнэ. Их хуцдаг лагай байх нь. Өмхий илжиг, өмд баатар, тэгж хуцах болоогүй шүү гээд хөвөнтэй цамцны нь мөрөн дээрээс чирвэл цаадах нь суудалдаа улам шигдэж, тэмээний үдээр шиг хатуу хөх арьстай туранхай гараараа урдах суудлаасаа үхэн зуурч:

- Би хөгшин хүн... Би ажилчин... Би монгол улсын иргэн гэж үглэн чаргууцалдав. Намхан шарын цонхигор царайд цус чинэрэн улайж, амьсгаадан:

- Яана гэнэ! Бас монгол гэв үү?... Хэ хэ, хүнийг хэлээр малыг хөлөөр гэдэг юм гээд сандлаас нь суга татан гаргаж ирлээ.

Гэтэл тэдний ард зогсож байсан спортын малгайтай өндөр залуу намхан шарын хоёр мөрөн дээрээс бахь шиг гараараа тап хийтэл атгаж аваад өргөгч цамхаг зуурмагийн тэвш өргөж яваа юм шиг автобусны урд хаалга руу зөөж тавилаа. Энэ үес автобус дараагийн буудалд зогсоод хаалга онгойлгосон тул намхан шарыг тэр чигээр нь түлхэн буулгав. Намхан шар хаалганаас хий гишгэн тэнтэр тунтар алхсанаа гэрлийн шон түшин тэнцэж, амандаа нэг юм хэлээд эргэн дайрвал автобусны жолооч хаалгаа хаачихлаа. Намхан шар:

- Аа, та нар яана гэнээ? Цөмөөрөө Хятадын шээснүүд үү?!. Та нартай нэгийгээ үзнэ дээ гээд хойд хаалга руу дайран орвол ард зогсож байсан албаны бололтой хоёр залуу гартал нь буцааж түлхэв. Автобус ч хөдөллөө. Намхан шар автобус дагаж гүйн, ямар нэгийг хашхирах боловч үг нь үл дуулдана.

Болсон явдлыг үг дуугүй ажиглан суусан хүмүүс сая л сэхээ авсан юм шиг ам амандаа шуугилдан:

- Болж! Өвчтэй юмнуудыг ингэж байвал таарна!

- Муу эр дайнд хөөрнө гэгчээр, тэнд болж байгаа улаан хамгаалагчдын явдал, энэ муу ажилчин өвгөн, архичин хар юм хоёрт ер ямар пад байна?

- Тиймээ, мөрөөрөө яваа ядарсан амьтныг дээрэлхэж яах нь вэ?

- Цаадах чинь Буянт гуай л байна шүү дээ.

- Тийм, тийм Буянт гэдэг юм. Аль дээр үед л зургадугаар артель гэж байхад байлаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хүн шүү! гэлцэв.

Өвгөн хятад босож хажуудаа байгаа бүсгүйд суудлаа тавьж өгөөд үүд рүү зүглэв. Үүдэнд очиж цаашаа хараад удтал зогссоор байлаа. Энэ үе өвгөн Хятадын хэxэрсэн худаг шиг нүднээс цэврээс цэвэр нулимсан дусал бөмбөрөн унаж, тансар хилэн хүрэмний энгэрт шингэсээр байсныг хэн ч ажигласангүй...

1966 он

Бээжин эсээ
 
Жамуха сэцэний совин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!