С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэрэл сүүдэртэй орчлон

Гэрэл сүүдэртэй орчлон

Хар хөлс нь чийхарсан бөртэ Шадав түмэн үрчлээстэй хөх царайгаа ханцуйгаараа арчаад, дөнгөж уудалсан гуулин данхтай цайнаасаа аягалж

-Төгөлдөр ноён цайгаа зоогло гэж сөөнгө дуугаар доогтой хэлээд явган ширээн дээр тавилаа.

-Зөөгшиг ээ хүү минь гэж хэлж суугаа данхар хүрэн өвгөн сэтгэлдээ нэгийг дүрслэн байх шиг бодолд автан сууна.

Буурал хорвоогийн алаг тарлан сүүдэр, хүн дундуур үерлэсэн он цагийн урсгалд эрихний бөөр шиг хэлхээтэй яваа өвгөд говийн бор толгод дундаа ажин түжин амь зууна.

Түймрийн цурманд үлдсэн өнчин хялгана шиг цагийн салхинд бөхөлзөж яваа төгөлдөр Ядамын өвгөрсөн биеийн өтөл зүрхэн дундуур эзэн богдоос эх авсан алтан ургийн догшин хүрэн цус түрхэрч буйг гэрчлэх сүүлчийн хүн бөртэ Шадав билээ.

Төгөлдөр Ядамын ур шавхан бүтээсэн алт мөнгөн бурхад, есөн эрдэнийн чимэгтэй судар ном халх дөрөв, шавь тавд гайхагдаж асан сайхан цагийн түүхийг ч мэдэх хүн Шадаваас өөр үлдсэнгүй.

*** *** ***

Тэртээх 1934 оны өвөл...

Аймгийн дотоодыг хамгаалах газрын үүднээс гартаа гавтай хөлдөө тушаатай оргочихсон шөрмөстэйхөн эр Ядам тайжийг барьж ирэх хатуу чанга үүрэг хүлээсэн төлөөлөгч Шадав "Мэдлээ гүйцэтгэе" гэж өсгий хавсран тав хийтэл ёслоод гарч одохдоо өгөр муу пийдаалыг түргэхэн барьж ирээд, яс цоожинд тушаачихъя гэсэн омогтойхон бодолд уурсаж явав.

Шөнөд оройгүй шөлөнд дээжгүй хэмээн яаран мордсон Шадав, оргодол тайжийн нутагт давхиж хүрээд, гэрт нь очиход эцэг эхээсээ цор ганцаар үлдсэн өргөмөл дүү Дунжаа бүсгүй нь дүрлэгнэн угтав.

Хувьсгалт засагт мал хөрөнгөө гурвантаа хураалгасан баян тайжийн аяган чинээ жаахан гэрт "цурамны гал" шиг шав шувхийсэн хархүү орж очоод

-Оргож боссон эсэргүүний орон суурин мөн үү. Ядам тайжийг хаана нууснаа хэл хэмээн сүртэйхэн асуухад бутанд хярсан бүжин шиг бүлтэгнэсэн бүсгүй

хорголон хар нүдэндээ мэлтэгнээд ирсэн нулимсаа арчаад

-Миний ах гэртээ ирээгүй гэж дуулдах төдий хэлэхэд нь дахиж зандарч айлгасангүй. Айлгах ч юу байхав. Зэгзгэр бүсгүйн нулимстай нүдэнд бодол санаа нь үйчихэв үү гэлтэй цоо ширтэн гөлөрч суулаа.

Ядам тайжийг хүлээх шалтаг заан өдөржин суусан Шадав ууттай шагай асган бөгцөг нясалж суусаар нэлээд оройтоход Дунжаа бүсгүй үг дуугүйхэн босч суун, гарч орно.

"За энэ хүн ч явахгүй бололтой" гэж мэдсэн янзтай хоёр гурван годгор борц нүдэн, хөлдүү сонгиноор амталж, пурхийлгэн буцалгаад аягалж өгөхөд амтархан зажилж, хөлсөө цувуулан халуун шөл уугаад, дан гудас дэвсэн дээлээ нөмөрч хэвтэхдээ хоёрхон алхамын цаахна чив чимээгүйн дунд алдарсан үзэсгэлэнт бүсгүйн амьсгалах чимээг чагнан, анх удаа өөрийнхөө эвдэрч ээдэрсэн сэтгэлийг дэнсэлж байлаа. Өрхөө тэгшилсэн гэрт таг харанхуй ч тулганд нурамлах хөрзөнгийн хөх дөл сүүмэлзэнэ.

-Чи унтчихсан уу. Оргож боссон эр хүн одоо л орж ирнэ дээ гээд тохойлдон өндийж чагнавал бүсгүй дуугарсангүй.

-Ядам та хоёр чинь эхээс хоёулахнаа юм уу гэж арай чангахан хэлээд өндийгөөд суухад тулганд цогшсон аргал унтарч байв.

-Жаахан аргал нэмчих үү гэсээр бүсгүйн орны хөлд суугаад унтарч буй цог дээр аргал нэмж асаах зуур

-Ядамаас өөр ах дүүгүй хүн үү чи гэж дахин асуулаа.

-Гурван ахтай байсан юмаа. Хоёр ахыг минь барьж аваачаад хороочихсон гээд аяархан мэгшин уйлахад, үг дуугарч чадсангүй.

-Асуух ёсгүй юм асуужээ гэж бувтнаад эргэж хэвтэх гэснээ

-Өвлийн хүйтэнд дан гудас дээр хайрагдаж мэдэх нь ээ. Цаашаа хэвт гээд бүсэлж явдаг буугаа авч жижиг ширээн дээр тархийлгэн тавихад хөөрхий бүсгүй бондгос хийн цочив.

-Та болилдоо. Бүсгүй хүнийг дарлах санаатай юу гэсэн их үг хэлээд, нөмөрсөн нэхий хөнжлөө хумин атгасан ч дөнгөж сая ширээн тавьсан ширэн гэртэй буунаас айж зөөлөн шуухитнасаар дур зоргоороо эрийн хүчинд автсан туяхан бүсгүйн нулимстай нүдийг үнсэж хэвтэхдээ хувьсгалын төлөө дүрэлзэх омог бардам зан нь асч унтарна.

Тэр оргодлыг одоохон барьж авахгүй бол гэнэн томоогүй энэ бүсгүйг нь яг л өөртэй нь адил Ядам тайжийг хайсаар ирэх өөрийн дураар эдлэнэ дээ гэсэн хармын бодол өнөөх хувьсгалч араншинтай нь гал ус шиг харшилдаж, ирт сэлэм шиг хавиралдаж байлаа.

-Та миний ахын дулаан хувцасыг нь солиод өгөөрэй гэж шивнэн гуйгаад нулимсаа залгисан туниа муутай үгийг чих тавин сонсоод үүр шөнийн үнэгэн харанхуйгаар яаран мордохдоо хурдхан барьж аваад хүргэчихье. Дараа нь энэ бүсгүйтэй амь амьдралаа холбож сэтгэлээ зангидна аа хэмээн адгаж явлаа.

*** *** ****

-Миний хүүгийн морин дэл дээр хөөрцөглөж яваа ажил ч дээ. Дахин төрөхгүй олон буянтны амь хороосон нүгэл ихтэй л үйл байхаа даа гэж зүрхний угруу нь шивж хэлсэн аавынх нь сүүлчийн үгийн шарх Шадавт бодогдоход хоёр сайхан ахаа алдаад одоо үлдсэн ганц ахыг нь барьж аваачихаар давхиж яваа Шадавыг түлхэж чадалгүй өврөө дэлгэсэн Дунжаа бүсгүйн номхон ааль сэдрээчих шиг болжээ.

Янгирын тэх чичрэм идэр есийн жавар тачигнасан ян халилын асган дунд өл хоолгүй зутарч яваа Ядамыг хайж олон хоног зүдэрч явахдаа Дунжаа бүсгүйн халуун өвөр, хаанаас ч оломгүй танхил үнэрийг мөрөөдөн санасаар арайхийн барааг нь харсан өдрөөс өнөөдрийг хүртэл хол саахалтын зайтай холдож салсангүй.

Нүүр нүүрээ харж, үг сэтгэлээ зангидсан үе насны харчуул дөрөө харшин давхиж, өвөлжөө сахисан үнхэлцгэн чинээ бор гэрээр дайрч, өнчирч үлдсэн бүсгүй заяаг дагуулан, олны нүднээс мөрөө буруулан давхисаар эзэнгүй говийн элсэн манхан дунд шингэхдээ өөрсдөө ч, орчлонгоос төөрч орхисон байв.

Хүний амьдрал хойно хааяа уур омог шатан

-Муу эсэргүүний үлдэгдэл гэж хараан загнах үе гарна.

-Эсэргүүнийг барихаар ирээд уран үгэнд нь хууртагдан дагаж, өнөөдрийг хүртэл тэнэж яваа чи ч бас эсэргүүн дээ хө гэсэн төгөлдөр Ядамтай зад хэрэлдэхээр давшлах үед гэргий нь нулимс мэлтэгнэсэн хар нүдээр аргадан ширтэж эр нөхөр, ах хоёрынхоо дунд аргаа барна.

Нулимстай нүдийг нь харж эс чадаад, хошуу дэвсэн үнсэх Шадав нэг л мэдэхэд өөрөө ч уярч эр хатуу сэтгэлээ нөмгөлчихсөн байдаг байв.

*** *** ***

-Баньдгай цай чинь хөрчихлөө гэж чангахан хэлсэн Шадав өөд харж инээмсэглэсэн Ядам өвгөн

-Зөөгшчихжээ хүү минь гээд ингэний сүүгээр бульдаж чанасан өтгөн цайг оочлохдоо

"Алтан ургийн өндөр заяаг онож төрсөн би аав ээжийн буяны шүншиг атган төгөлдөр хоч зүүтэл алх дөш нийлүүлэв.

Муу дүүгээс минь хойш энэ хөх өвгөн хатсан ортууз шиг өгөршчихлөө зайлуул.

Хангай нурууны залуу нарс шиг дүнжгэр эр явсансан. Дүүтэй минь хөтлөлцөөд алхахад орчлон баясаж, хорвоо амирлах шиг л санагддаг байлаа. Нэг насаараа л миний хоол цайг дөхүүллээ.

Бурхан гэж байдаг бол миний төлөө залуу насаа зольсон энэ хоёр л амьд бурхад юмдаа. Бүсгүй дүүгээ хүний хорвоогоос мордоход нь гэгээн дүрийг нь болгоож ганц сайхан Дарь-эх бүтээсэн.

Халхын төгөлдөр дархан гэгдэж шагшуулж явсны хэргээ гаргаж, бөртэ царайт хүргэнийхээ аранзал залуу насны гэгээн дүрийг мөнхлөн үлдээхсэн гэж олон ч хоног бодлоо чилээн урласан бурхныхаа мэлмийг нээж энэ хоёртоо төлөх өрийн дансаа өнөөдөр дугуйлна хэмээн бодоод бөртэ Шадавын зовхи нь унжсан падан хар царайруу тал өгөн инээмсэглэв.

Цайгаа ууж, бодлоо бясалгаж ханаад цалин цагаан мөнгөөр ур шавхан бүтээсэн бурхныхаа мэлмийд хараа оруулан тогшиж гүйцээд шижир алтаар бүрж суухдаа өөртөө урамшин баярлаж байв.

Уржигдраас хойш зүүн эгэмний доогуур нь зүүгээр хатгав уу гэмээр часхийн хатгах тоолон, амьсгал давьчдан, нүд харанхуйлавч, шүд зуун тэсч, чичирхийлэх хуруундаа чимхсэн бийрийн торгон үзүүрээр хөмсөг сормуус татаж дуусахад хажууд нь харж суусан Шадав

-Хээ Бандгай минь наадах чинь бурхан гэхээсээ илүү амьд хүн мэт харагдаж байна. Бүр уулзаж учирч явсан танил хүн мэт санагдав гэхэд нь тохуутай инээмсэглэж,

-Хэнтэй төстэй байна гээд духандаа дааварласан хөлсөө арчив.

-Оноож нэрлэж чаддаггүй. Гэхдээ л нэг танил царай мөндөө гээд бодолд автав.

Амьд мэт ширтэх тохойн чинээ бурхан бүтээж, сэтгэл нь хөнгөрсөн төгөлдөр Ядам ороо налах гээд өндөсхийн зүтгээд, намсхийн бөхийж тэнгэр зүг одов оо.

Алтан ургийн тайж, төгөлдөр дархан Ядамын царай амар амгаланд алгуурхан шингэхийг харж, ганц нэг маани хэлж суусан бөртэ Шадав хадам ахдаа учиргүй гомдов.

"Энэ эрийн төлөө би өвдөг борхиртлоо зүтгэлээ. Ганц бүсгүй дүүд нь хоргодож, орхиод явж чадалгүй тавиад жил хань бараа болов. Гэтэл хойчийн буянаа надаар гүйцээлгэх санаатай өрсөөд явчихлаа. Амиа бодсон муу пийдаал. Сүүлчийн бурхандаа хүртэл танил эрийнхээ дүрийг мөнхлөв. Би хэний төлөө өдий олон жил, хүн хүнээс нуугдаж амьдарсан хэрэг вэ хэмээн мэгшин мэгшин уйлав.

Өөдөөс нь нэгийг шивнэх мэт цоо ширтэх бурхныг харж сууснаа

-Мэлмийг нь хааж орхиё л доо. Дараа нь эргэж төрөөд, өөрөө нээнэ биз. Эсвэл хэн нэгэн олж өөрийн дураар амилуулна биз хэмээн тачаадан бодож, гарт ойрхон алх цоолтуур аван зүүн нүднийх нь голд онолдуулан зөөлөн цохих үед нулимс цувсан нүдэнд нь баруун мэлмий нь татвасхийн анивчих шиг болов.

Өөдөөс нь үүлтэй үүлгүй нүдээр аврал эрэн ширтэх алтан шармал бурхныг гөлөрч сууснаа

-Ээ бурхан минь санаа сохор, ухаан харалган намайг тэнгэр ниргээсэй. Энэ чинь тэнэг миний залуу насны дүр төрх байна шүү дээ гээд бахиран уйлав.

Сул асгарах цийлэн нулимс дуссан бурхны өрөөсөн мэлмий дээр шингэх нарны сүүлчийн цацраг гэгээ татуулан гялтганаж байлаа.

Б.Лхагвасүрэн агсны ”100 ЭРХЭМ” нэвтрүүлэгт хэлсэн 15 чухал ЭШЛЭЛ
 
Өнөөдөр “Номын баяр” эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.