Жагдалын Лхагва

Жагдалын Лхагва

Толгодын цаана ингэ буйлна... Намрын уй сэтгэлд төрөх ч шиг. Монгол ахуйг нүүдлийн соёлыг монгол хүний төрмөл цөлх ухааныг Ж.Лхагва зохиолчийн бүтээлээс 5 мэдрэхүй таашаан хүртдэг билээ. 6 дахь мэдрэхүйд ургаж үлдээд арилдаггүй энгийн хэр нь эгэл биш байдаг түүний бүтээлээс уншигч танд...

Ингэн сүү

Номын санд сул суудал үгүй болж, шалгалтанд бэлдэж буй оюутнууд дор бүрдээ ном шагайж, нүд нь хаврын яргуй хөөсөн ямаа адил хуудаснаас хуудсанд гүйж залуу насны өлөн тархи тоо, томъёо хоёрыг хормын зуур сорон залгилж байлаа. Цэрмаа дипломынхоо ажлыг хийж дуусаад дахин хуулах, бүдүүвч зургуудыг тодотгон зурах ажил үлджээ. ОУ-ын оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, ихэд шагшигдсан "Ингэн сүү" хэмээх сэдэвт ажлаараа эдүгээ диплом хамгаалах гэж буй оюутан Цэрмааг хэд хэдэн хүрээлэнгээс сонирхон уулзаж, төгсч ирээд ажиллахыг урьсан тухай тэрбээр ангийнхандаа ч, багш нартаа ч цухуйлгаж яриагүй билээ. Цэрмаа дипломынхоо ажлыг дахин уншиж үзэхэд түүнд энд тэндхийн сэтгүүл номноос авсан тоо баримт цээжлэх, нүдлэхийн зовлон үгүй тэнд бичсэн үг үсэг бүрээс шар атны зогдор, хар буурны араншин, ингэн буцалгаа, шингэн хоормог, хавтгайн хурууд, царцуу цагаан өрөм үзэгдэж, амтагдана. Хуудас болгоны цаана эзэмшин хариулж байсан хэцийн хүрэн тэмээд, бэлчин идээшилж, гарынхаа хоёр булчинг мэдээ алдартал ховоо татсан халуун өдрийн үд дунд санагдана. Долоон алд худгийн ус жаргаадаг хүйтэн рашаан, шаваг баглуурын эм тан шиг шидэт ургамал, зэрэглээ дуурайх мэт оволзон тэшиж тоглодог гучин улаан ботго дүрслэгдэнэ. Наймаа төгсөж, эвлэлийн илгээлт аваад гэртээ харьсан нь суурь ахалж, тэмээ маллах болсон нь аймгийн аварга болдог жилээ аравдугаар ангийг эчнээ төгсөж Хөдөө аж ахуйн дээд сургуульд орсон нь энэ л ажлын хуудас бүхэнд шингэж, Цэрмаагийн 27 насандаа үзсэн хийсэн бүхний тайлан, маргаашийн нь ажил амьдралын утга учир болж байгаа болохоор тийнхүү нягтлан үзэх, дахин дахин уншиж, засах нь аргагүй биз ээ.

Арц Богдын энгэр бэлд ухаан санаагаа бэлчээж, сарны саруулд олон нүцгэн бүжигчин шиг үзэгдэх загийн төгөл, гантай жил ч нүп амраан навчилж байдаг саглагар хайлаас "Мөнхийн ус" балгасан домогтой зээргэнэт хоолойгоор аялан явсан оюутан бүсгүйн бодлыг сарниулж:

- Цэрмаа эгч ээ, гэх дуунаар өндийж харвал нягтлан бодохын ангид сурдаг "чамбай" Лхагвацэрэн зогсож байлаа.

Цэрмаа дэндүү хол бэлчээсэн бодлоосоо салж ядан нүдээ цавчилж, гайхсан царайтай өөдөөс нь ширтэв. Лхагвацэрэн юм хийж байсан хүнийг гэнэт цочоосондоо баахан тулгамдсан уу яасан, хэсэг чимээгүй байснаа гэнэт санаа авсан юм шиг

- Эгч ээ, таныг дор жижүүр дээр хүн уулзъя гэж байна гэлээ.

Цэрмаа номын сангаас гарч сургуулийнхаа өргөн цэлгэр гудмаар яаран алхах зуур "Хэн надтай уулзахаар ирдэг билээ" Батхүү ч халагдах арай болоогүй л бололтой билээ. За яахав хувцас хунар нь ч бэлэн, уг нь нутагтаа хамт очвол зүгээр сэн гэх мэтээр элдвийг эргэцүүлэн бодож шатаар уруудав. Шатан дээр гарч ирэнгүүт :

- Ажаа гэх Уртнасангийн эрхлэнгүй цовоо дуу бүх бодлыг "дүү минь иржээ" гэсэн ганцхан санаанд зангидаж, өөрийн эрхгүй уруудан гүйв. Эгч дүү хоёр тэврэлдэн хөтлөлдөн хөгжилдөхөд гаднаас харсан хэн боловч нэгэн эхийн үрс хэмээн ялган таних боловч гагцхүү таван насны зөрөөтэй гэж мэдэхийн аргагүй тэрсхэн залуу охид байлаа. Эгчээ сургуульд явахад нь зуун хорин тэмээг нь дансаар хүлээн авч энэ хугацаанд хоёр дахин өсгөсөн дүү Уртнасан хашир сайн малчин болсон төдийгүй, Цэрмаагийн судалгааны ажилд нэг ёсны лаборантын үүрэг гүйцэтгэж байгаа хүн билээ. Тэрбээр эдүгээ ингэн сүүний тослог, уурагт бодис, козейн, альбидум, кальци фосфорын давсны хувь хэмжээг ч нарийн сайн мэддэг хээрийн нөхцөлд цагаан идээ боловсруулах олон арга туршиж, заримыг нь оновчтой саналаар бүртгүүлэн гэрчилгээ авсан ажээ. Уртнасанд сургуулийн зарлах самбар, олон ангийн хичээлийн хуваарь, гадаа овоон дээр үүрсэн тэмүүлэх хүрэн азарганы баримал, ер сонирхол татахгүй юм үгүйн адил Цэрмаад бас асууж, шалгаах зүйл мундахгүй тул эхлээд хоёул хоёр биенээ асуултаар булж, сүүлдээ хөхрөлдөн ээлж дараатай асууж ярилцах болов. Тэгснээ Цэрмаа гэнэт санаа авсан юм шиг:

- Хүүе ээ ингэхэд чи чинь ямар ажлаар ирсэн хүн бэ ?

- Танай сургуульд орохоор ирсэн.

- Нээрэн үү? Ямар догь вэ. Шалгалт дуусчихсан билүү.

- Ямар гарсан бэ?

- Дөрөв гарсан. Тэгээд л Хөдөө аж ахуйн дээд сургуульд урилга авсан л даа. Одоо ч яахав, илгээлтийн эзэн малчин залуусын чуулга уулзалтанд орох гэж ирсэн. Хүүе ээ, Батхүү ах та хоёр хэзээ харих гэж байна аа ?!

- За яах нь вэ ? Бид хоёрыг тэгтлээ их санацгаагаа юу?

- Саналгүй яадаг юм бэ ! Хүүе ээ, та хоёрт ёстой гоё гэр төхөөрсөн.

- Юу ? Хэн тэр вэ ? Аав уу?

- Үгүй ээ, үгүй. Батхүү ахыг цэрэгт явахад адууг нь авч малласан нөгөө залуучууд чинь үйлдвэрлэлийнх нь төлөвлөгөөг нэр дээр нь биелүүлээд хөдөлмөр өдрийн нь хөлсийг хураагаад байсан юм гэнэ ээ. Тэгээд түүгээрээ гэр төхөөрчихөж л дээ.

- Одоо яанаа ? ... Хүмүүс тэгж байхад бид хоёр чинь юугаа хийж ... юу аваачдаг юм билээ ?

Таны малын эмчийн диплом, Батхүү ахын гурван жил эх орны манаанд зогссон ариун алба бидэнд хангалттай бэлэг болно гайгүй. Тэгж ч манай эвлэлийн үүрийн дарга ярьж байна лээ. Таны нөгөө сүү өтгөрүүлэх төхөөрөмж юу болж байгаа вэ? Суман дээр үйлдвэрийн байшин барих улаан шугам татчихсан шүү дээ.

- Сүү өтгөрүүлэх төхөөрөмжийг манай багш үйлдвэрт захиалсан л даа. Харин лааз ваакумны төхөөрөмж энэ жилдээ бүтэхгүй байх. Уул нь ингэн сүү өтгөрүүлчихээд лаазлан худалдаалах юм бол нэг лааз сүүгээр л дөрвөн тогоо цай сүлж болох учиртай юм л даа.

- Тэгвэл ч аятай юу даа. Ачиж зөөхөөс өгсүүлээд хадгалахад хүртэл зай эзлэхгүй юм байна шүү дээ ... гээд хэсэг чимээгүй болсноо

- Ажаа би наад сургуульд чинь ороод сурч чадах болов уу ?

- Чаднаа, миний дүү чадна. Сэтгэлийн тэнхээ байвал бяр булчин шаардах биш, халуун өдөр тахал холтой худаг дээр хоёр зуун тэмээ услахаас хэцүү нь юу байхав.

- Тэр ч тийм л дээ, гэхдээ л таныг харахд өч төчнөөн ном эрж, хайж , уншиж тэмдэглэж байгаа харагдах юм.

- Манай сургуулийн номын сан эрдмийн их өгөөжтэй. Тэгээд нийслэл маань олон том номын сантай, тэр ч байтугай Москвагийн Лениний нэрэмжит номын сангаас ч олон ном захиалан үзэж болдог болохоор гантай жил загийн нэг тарсан тэмээ цуглуулахаас амархан л гэж мэд. Харин эрдэм номын амтанд орлоо гээд тэмээгээ хаячихаж болохгүй шүү дээ.

- Яалаа гэж дээ. Таныг л харин аспирантурт явах юм гэнэ, ирэхгүй байх гэсэн яриа гарсан шүү. Цэрмаа цээжний гүнээс инээд алдаад :

- Аспирантурт явна гэдэг чинь заавал гадаадад юм уу, өөр тийшээ явна гэсэн үг гэж яаж бодоов? Би чинь говь руугаа, тэмээ рүүгээ аспирантурт явж болдог юм байгаа биз дээ гэснээ царайгаа төв болж их бодолхийлэн :

- Уртаа ! Ингэн сүүний амтанд орсон хэн боловч эргэж гарах нь амаргүй гэж ярьдаг. Эсвэл биднийг ингэн сүүний амтанд оруулж тэмээ гэдэг цаглашгүй ашигтай, номхон дөлгөөн, хайр хүрэм малыг таниулж өглөө. Бид одоо хүн арддаа энэ малын тухай мэдэх болгоноо мэдэж болох бүхнийг хэлж өгөх, тэднээсээ ч сурч мэдэх, тэмээнээс ашиглаж байгаа бүхнийг арвижуулах, ашиглаагүй нөөцийг илрүүлэх гэж нэгэн үзүүрт сэтгэл баривал өчнөөн жил эрхлүүлж байгаа эх орныхоо жинхэнэ хайртай хүү нь, иргэн нь гэж хэлүүлэхэд нүүр бардам болох юм. Тийм биз дээ, Уртаа. Чи наанаа хүлээж бай, би цүнхээ аваад ирье. Тэгээд манай байр луу очицгооё ! гээд шатаар өгсөн гүйж одов.

Хөлсөөр зүүдлэгч
 
Жамуха сэцэний совин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!