С. Пүрэвсүрэн

С. Пүрэвсүрэн

Ногоон талын сувд шиг, нүд алдам нүцгэн шаргал талын баянбүрд шиг, нүдгүй цасан шуурганы нөмөр аргалын гал дүүгэсэн бөмбөгөр цагаан гэр малчин ахуй, монгол хүний сайхан сэтгэл, цөлх ухаанд хамгийн ойрхон аваачих зохиолууд бол орчин үед Соёрхын Пүрэвсүрэн гуайн бүтээлүүд билээ. “Хотжилт”-ын энэ үед чухам түүний бүтээлүүд уншигч биднийг малчины хотонд аваачиж, нялх ногооны үнэрт согтоож, зуны халуунд зэрэглээ хэрхэн бүжиглэхийг харуулна. Түүний шинэхэн зохиол бүтээл, өгүүллэг, туужаас buteel.mn дээжлэн хүргэсээр байх болно. Оюуны охийг хүртэгч эрхэм уншигч та зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн оюуны урланд тухлаарай.

Хөдөөний хүү.

Хичээлийн хонх цохиж, сурагчид ангидаа орцгоон, зөгийний үүр санагдуулам битүү дүнгэнэлдэн шуугисан хүүхдүүдийн чимээ алдарч, сургуулийн урт коридор нам гүмхэн болов.

Ганц нэг нээлттэй хаалгаар хичээл зааж буй багш нарын бүдэгхэн дуу сонсогдоно.

Ангиудын хаалганы эсрэг талын хананд нэрт зохиолчдын хөргийг эгнүүлэн хадаж, зураг бүрийн доор нь алдар нэр, гавьяа шагналыг нь үзэмжтэй сайхан бичсэн байгааг харахад, уран зохиол, эх хэлний танхим энэ давхарт байдгийг илтгэнэ.

Шатны хонгилын хажуугийн буланд бусдаас нуугдах мэт тонгойн суусан жаахан бор хүү шанаагаа тулан, бодлогошрон байгааг шатаар уруудаж явсан захирал багш хараад

-Хүүе Борхүү хичээлдээ орохгүй яагаад энд сууж байгаа билээ гэхэд, урт сормуустай тас хар нүдээ анивчсан хөөрхөн хүү толгойгоо илсээр босч зогсов.

-Танай ангийнхан хичээлтэй биздээ гэхэд, хэлгүй мэт дуугарсангүй.

-Чи наашаа хүрээд ир гэсээр өрөөндөө орсон захирлын араас тожир тожир алхсан өнөө хүү айсан янзтай бүлтэгнэн зогсох нь урьд өмнө захирал багшид дуудагдаж үзээгүй бүрэг даруухан зантайг нь илтгэх ажээ.

Энэ намар хөдөөнөөс шилжиж ирсэн Борхүүгээс

-Чи гэрээ санаад байгаа юмаа даа гэсэн захирлын асуултанд дуугүйхэн толгой сэгсрэн хариулав.

Шинээр ирсэн хүүхэд маань ангийнхантайгаа ойртож найзлахгүй байгааг хэд хоногийн өмнө анги удирдсан багш нь хэлсэн санагдахад

-Суу Борхүү. Хоёулаа танай нутгийн тухай ярилцъя. Чи өнгөрсөн наадмаар хурдан морь унасан уу гэсэн захирал багшийн эелдэг асуултанд илт сэргэсэн Борхүүгийн нүд цогтой гялалзаж,

-Би наадмаар морь унасан. Миний саарал үрээ аман хүзүүнд давхисан шүү. Уг нь ч түрүүлэх байсан л даа. Амыг нь татаж явсаар барианд ойртчихоод, урд яваа морийг гүйцээгүй гэж дуржигнуулав.

-Борхүү минь чи ангийнхантайгаа найзалж байгаа биздээ гэсэн захирлын өөдөөс дуугүйхэн ширтсэн хүүгийн нүдэнд дахин гуниг сүүмэлзэж, бөөн бөөн нулимс гүйлгэнээд ирэх шиг санагдлаа.

-Борхүү хоёулаа ангируу чинь оръё доо гэсээр босоход үг дуугүйхэн дагалаа.

Захирал багшийг хаалга тогшин орж ирэхэд хүүхдүүд ярсхийн босов.

-Сууцгаа хүүхдүүд ээ. Багшаа хичээл дундуур чинь орж ирсэнд уучлаарай гэснээ,

-Борхүү суудалдаа суу. Хүүхдүүдээ та нараас Борхүүтэй хэн найзладаг билээ гэхэд ангийн сурагчид ус балгасан мэт дуугарсангүй.

Гэтэл аманцар байрын шар охин Борхүүг хараад адтай инээхийг ажигласан захирал

-Багшаа би хоёр хүүхэдтэй түр уулзаад ирье. Та хичээлээ үргэлжлүүл ээ, Наранцэцэг, Намуунаа хоёр надтай түр уулзаарай гээд гарлаа.

Өрөөндөө орсон захирал

-Охидоо танай ангийнхнаас Борхүүтэй хэн нь дотно найзалдаг вэ. Сая хичээлдээ оролгүй гадаа сууж байна гэж асуулаа.

-Багшаа манай ангийн Борхүү хүүхдүүдтэй муудалцчихаад хичээлээ хаяад гараад явчихдаг ш дээ.

-Өө тийм үү яг яагаад муудалцав. Намуунаа чи ангийн дарга болохоор мэдэх учиртай.

-Борхүү аягүй тэнэг ээ. Манай ангийн хөвгүүд хөл бөмбөг, унадаг дугуй, машин, ярихаар Борхүү л огт тоодоггүй. Ганцхан морь л ярих дуртай.

-Багшаа багшаа өчигдөр Борхүү "унага тамладаг" тухай яриад, ангийнхаа хөвгүүдтэй муудалцсан. Тэгээд л хичээлдээ орохгүй байгаа юм гэж Наранцэцэг инээмсэглэв.

-"Унага тамлах аа". Чи юу яриад байна гэсэн захирлын өөдөөс харсан Намуунаа

-Харин тийм. Нялх жаахан унаганы хөлийг галаар түлдэг гэсэн шүү гэхэд захирал багш нэгийг ойлгов бололтой инээмсэглээд,

-За хүүхдүүдээ хичээлдээ ор. Багш нь бүгдийг ойлголоо гэхэд охид гүйлдэн гарав.

Хичээлийн завсарлагаанаар Борхүүг анги удирдсан багштай нь дуудлаа.

-За багшаа маргаашийн эхний хичээлийг Борхүү заана. Гэхдээ ганц танай ангид биш. Бүх долоодугаар ангийнханыг их танхимд хичээллэнэ гэж зарлаарай гэхэд багш сурагч хоёр нүдээ бүлтийлгэн гайхлаа.

Их танхимд шуугилдах хүүхдүүд анги удирдсан багш нар, захирал бусад хүмүүсийг хараад чимээгүй боллоо.

-Хүүхдүүдээ одоо та нарт 7а ангийн сурагч Борхүү унага тамгалах монгол ёс заншлын сэдвээр хичээл заана. Борхүү маань хөдөө нутагтаа ангийн дарга байсан тэргүүний сурагч шүү.

Монголчуудын мал маллах ёс заншлын тухай долоо хоног бүр хичээл заах үүргийг Борхүүд даалгалаа гэхэд олон хүүхдүүдийн өмнө толгойгоо илсээр гарч ирэв.

-Нүүдэлч удмын монголчууд биднийг тэнгэрийн тамгатай хүмүүс гэдэг. Хүүхдүүд бидэнд хөх толбо байдаг биздээ. Тэр хөх мэнгэ бол зөвхөн монгол хүнд л тэнгэрээс заяасан тэмдэг билээ.

Тэнгэрийн тамгатай монголчууд бид морин туурайгаар дэлхийг тамгалж явахдаа мал маллах нарийн ухаан гаргасан билээ.

Намрын сард унагаа тавихдаа, үе залгамжлан хадгалж ирсэн адууны тамгаараа унагаа тамгалдаг сайхан ёс заншилтай.

Нар, сар, гал дүрстэй тамгаар хүлэг морьдоо тамгалдаг нь тэнгэрийн хүлэг гэсэн утга санааг давхар илэрхийлдэг гээд, унага тамгалах ёс заншлын талаар дэлгэрэнгүй ярив.

Борхүүг ярьж дуусахад бүх хүүхдүүд алга ташин баяр хүргэж, захирал багш инээмсэглэн гар барихад сурагч Борхүүгийн нүдэнд баяр хөөр гэрэлтэж байлаа.

Нойрсож буй гоо үзэсгэлэн
 
Жамуха сэцэний совин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!